Тинабел тип булангаар дандаа цаг зохион байгуулалтын зөвлөгөө өгдөг байсан бол энэ удаад сэдэв жаахан хазайж байна. Ээжүүдийн групп доторх хамгийн эрэлттэй сэдэв энэ болохыг би саяхан олж мэдлээ. Үнэхээр ч, Тинабелээ эхлүүлээд удаагүй байхаас авахуулан өнөөг хүртэл үе тэнгийн хөөрхөн ээжүүдээс маань надад “Яаж чам шиг хүүхдээ харангаа, гэрээсээ бизнес эхлүүлэх вэ?” гэдэг асуулт олон удаа ирж байсан.
Тухайн үед нь мундаг хариулт санаанд орж ирэхгүй, “Өө, зүгээр хиймээр санагдаад л хийчихсэн юм” гэхээс хэтэрдэггүй байв. Нээрээ л миний хувьд хиймээр санагдаад л хийж яваа зүйл минь бусад залуу ээжүүдийн хувьд ямар нэг тусгай арга, нууц жорын тусламжтайгаар хийсэн хэцүү зүйл мэт харагддаг ажээ. Тиймээс би өөрийн туршлагыг гололгүйгээр, бизнес эхлүүлмээр байгаа ээжүүддээ бяцхан зөвлөгөө бичихээр шийдлээ.
1. Хүүхдээ харангаа заавал бизнес эхлүүлэх “албагүй” гэдгийг сана
Энэ сэдэв дээр хамгийн түрүүнд бичмээр санагдсан зүйл бол энэ. Анзаарах нь ээ, хүүхдээ харангаа бизнес хийнэ гэдэг бараг хоцорч болохгүй тренд шиг болж эхэлж байх шиг ээ. Энэ нь тодорхой хэмжээгээр FOMO буюу “юмнаас хоцрох айдас” төрүүлж байгаа. Үнэндээ ээж боллоо гээд заавал бизнес хийж, мөнгө олж, бужигнуулах албагүй.
Харин ч хоёр жил бүх анхаарлаа хүүхэддээ тултал хандуулчихаад өмнө нь хийдэг байсан сайхан ажил, хамт олондоо эрч хүчтэйгээр эргээд очиж болно шүү дээ. Ээж байна гэдэг дангаараа л бахархмаар ажил. Нэмэлт орлого хэрэгтэй байвал freelance орчуулга гэх мэт ажил хийж болно. “Ямар нэг юм хийх хэрэгтэй” гэсэн нийгмийн шахалтаар өөртөө дарамт үүсгэж, хүчлээд хэрэггүй.
Харин угаасаа л бизнес хийнэ гэж боддог байсан, түүн лүү татагддаг байсан, янз бүрийн санаа төрдөг байсан ч завдал нь л гардаггүй байсан бол гэртээ хүүхдээ харах 2 жилийн хугацаа нь санаснаа гүйцэлдүүлэх, өөрийгөө сориод үзэх “төгс” боломж юм шүү. Эргээд ажилдаа орчихвол ахиад л завгүй болчихно.
2. Хүмүүсийн хийхгүй байгаа зүйлийг сэтгэж хий
Ээжүүд маань бусдын олноороо хийж байгаа зүйлээс санаа авч ижил төрлийн бизнесийг эхлүүлэх нь түгээмэл. “Энэ бизнес ашигтай юм шиг байна аа, олон хүн хийж байна”, “Хүмүүс хийж чадаад байгаа бол би ч гэсэн чадах юм байна” гэсэн урам зоригоор адилхан бизнес лүү ханцуй шамлан ордог. Гэхдээ олон хүний хийж байгаа бизнесээс илүү, хэний ч хийхгүй байгаа зүйлийг хийвэл таны бизнес зах зээлд амархан танигдахаас гадна, үнээ өөрийнхөөрөө тогтоох боломжтой байдаг. Хүүхдээ харах стрессийн хажуугаар ахиад “бусадтай өрсөлдөнө” гэдэг стресс өөртөө нэмэх хэрэгтэй гэж үү? Том зах зээлд жижиг тоглогч байхаас, жижиг зах зээлийн том тоглогч байх нь өрсөлдөөнөөс хамаагүй ангид, стресс багатай байдаг шиг санагддаг шүү.
3. Онгодоо сонс
“Юу хийж болох уу?” гэж бодож, хайж, хүчилж байгаад олсон санаанаас илүү, тэр талаар бодоогүй байхад өөрөө тархинд “чийдэн асах мэт” ирсэн санаа амжилттай болох магадлал нь илүү их. Яагаад гэвэл ингэж таныг дуудаж байгаа санаа original байдаг. Мөн хорвоо ертөнц дээрх бүх шинэ санаа хэн нэгний “зовлон”-оос үүдэлтэй байдаг гэдгийг санаарай. Өөрийн хэрэгцээний “зовлон”-д анхаарлаа хандуул. Танд хэрэглэгчийн үүднээс юу дутагдаж байна? Хорвоод юу зохион бүтээгдсэн бол, монголд юу байсансан бол өдөр тутмын амьдрал тань амар хялбар, сэтгэл ханамжтай болох вэ? Та юуг хайгаад хайгаад олдоггүй вэ?
4. Анхны санаа төгс биш байсан ч хоёр дахь санааг олох гүүр нь болдог
Таны анхны санаа бүтэлгүйтсэн ч, тэр нь таны дараагийн илүү амжилттай санааны “гүүр” нь байх магадлалтай. Угаасаа бидний зөнгөөрөө хийгээд л яваа бүтэх, бүтэхгүй олон зүйлс амьдралын хамгийн чухал эргэлтийн цэг лүү хөтөлж буй жижиг чулуунууд байж таардаг. Анхны санаа чинь хэтэрхий түгээмэл, дутуу дулимаг юм шиг санагдвал хийнгээ бага багаар сайжруулаад, засаад л яваад байж болно. Анхны санаа чинь бүүр бүтэлгүйтвэл түүнээсээ туршлагажаад ахин өөр санааг хэрэгжүүлж болно. Ямартай ч анхны ганц санаагаараа бүү зогсоорой.
5. Түрхэн зуурын нэмэлт орлого гэж хандалгүй, бүтэн цагийн ажил болгохыг зорь
Гэртээ суух хугацаандаа маш гоё бизнес эхлүүлээд, ид цэцэглээд, яг жигдрэх гэж байхад нь эргээд хуучин ажилдаа орж өнөөхөө тоосонд даруулаад орхисон ээжүүд олон байдаг. Нэгэнт оюун санаа, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан босгож эхэлсэн зүйлдээ тууштай байж, хэсэгхэн зуурын нэмэлт орлого side-hustle гэж харалгүйгээр, бүтэн цагийн ажил, магадгүй ирээдүйд түүнээс ч илүү өгөөж өгөх бизнес болгон өргөжүүлэхийг зориорой. Тэгвэл таны толгой ч илүү ажиллаж, зүтгэл ч ихсэж, жинхэнэ өгөөжөө өгч эхлэх болно.
Энэ зөвлөгөө маань миний л туршлагаас үүдсэн учир дутуу дулимаг юм. Тиймээс би өөрийн хамгийн ойрын хүрээллийн жижиг бизнес эрхлэгч найзууд, ээжүүдээсээ типийг нь цуглуулаад PART2 болгож ахин нийтлэх болно оо.
Хүүхдээ төрүүлэхдээ бид ч бас өөртөө цоо шинэ ертөнцийг нээж, дахин төрдөг. Нүд маань нээгдэж, өмнөхөөсөө огт өөр зүйл бодогдож эхэлдэг энэ үед урьд нь бол зориглож чадахгүй байсан зүйлээ зоригтойгоор хийх ер бусын хүчтэй байдаг юм шүү. Бүх бизнес эхлүүлэх гэж байгаа ээжүүддээ амжилт!