Өнөөдрийн хичээл хэнд зориулагдсан бэ?
• Өдөржингөө “гал унтраах” ажил хийсээр, яг хийж дуусгахыг хүссэн ажилдаа ахиц гаргаагүй байдаг бол
• Үргэлж л завгүй, тэгсэн хэрнээ юу ч хийж бүтээгээгүй мэт мэдрэмж авдаг бол
• Удаан хугацааны том зорилгууддаа урагш ахихгүй байгаа бол
• Бусдын гуйлтанд “үгүй” гэж хэлж чаддаггүй, бусдад ажил даалгаж чаддаггүй бол өнөөдрийн хичээлийг анхааралтай уншаарай. Таны амьдралд Айзенховерын матриц хэрэгтэй байна.
Айзенховерын матриц гэж юу вэ?
Энэхүү матрицыг АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгч Двайт Айзенховер анхлан зохиож, ажил үйлстээ ашигладаг байсан тул түүний нэрээр нэрлэгджээ. Хэдэн арван жилийн дараа зохиогч Стефен Ковей “Өндөр үр бүтээлтэй хүний 7 дадал” номондоо оруулж улам алдаршуулсан билээ. Түүний номны ачаар энэ матриц ажил хэргийн цагийн менежмент, шийдвэр гаргах үйл явцад өргөн ашиглагддаг, сонгодог арга болсон.
Яаралтай ба чухал ажлын ялгаа
Айзенховерын матрицын гол үүрэг бол яаралтай ба чухал ажлыг ялгаж салган, чухлын зэргээр эрэмбэ тогтооход туслах юм.
Яаралтай ажил бол “цагт мэдрэмтгий”, таны анхаарлыг нэн даруй шаардаж буй ажил юм. Энэ бол таны хийхээс өөр аргагүй, хийх ёстой ажлууд. Зөвхөн яаралтай ажлуудад төвлөрөх нь таныг реактив буюу тухайн мөчид л өөрийгөө хамгаалдаг, урдахаа л хардаг, яаруу сандруу, цаг нь тулсан үед л аливааг хийдэг нэгэн болгодог.
Харин чухал ажлууд бол таны удаан хугацааны зорилго, үнэт зүйл, алсын хараанд хувь нэмэр оруулах ажлууд юм. Тэр ажлууд танд түргэн хугацаанд үр дүн өгөхгүй байж магадгүй (яг энэ шалтгаанаар бид чухал ажлуудыг хойшлуулдаг). Гэхдээ хийсэндээ урт хугацаандаа хамгийн ихээр баярлах ажлууд билээ. Чухал ажилд анхаарснаар та проактив буюу тайван, рациональ, том дүр зургаар нь хардаг төлөвт шилжинэ. 10 жилийн дараа та хувьдаа мөн ажил мэргэжилдээ ямар амьдралд хүрсэн байхыг хүсдэг вэ? Хэн болсон байхыг хүсч байна? Таныг тийш нь аваачих ажлууд энд багтана.
Жич: Та чухал ажлыг удаан хугацаанд, хэт их хойшлуулсаар байвал тэр нь яаралтай ажил болон хувирдаг. Эрүүл мэнддээ анхаарахыг хойшлуулсаар яаралтай мэс засалд орохоос өөр аргагүй, хүнд шатанд орсон байдагтай адил юм.
Хүмүүст яаралтай ажлууд бүгд чухал мэт санагддаг ч ихэвчлэн үгүй байдаг. Энэхүү төөрөгдөл нь бидний богино хугацааны асуудалд л анхаарах чадамжтай холбоотой.
Айзенховерын матриц зурахдаа цаасыг хоёр шулуун шугамаар, дөрвөн ширхэг дөрвөлжин нүд болгож хуваагаад дараах байдлаар гарчиглаарай:
1-р нүд (зүүн дээд): Чухал ба Яаралтай
2-р нүд (баруун дээд): Чухал ба Яаралтай бус
3-р нүд (зүүн доод): Чухал бус боловч Яаралтай
4-р нүд (баруун доод): Чухал ч бус, Яаралтай ч бус
Дараа нь өөрийн урдах бүх ажлыг жагсааж бичээд, нэг нэгээр нь дээрх 4 нүдэндээ хуваарил. Нүд тус бүрт ноогдсон ажлыг яах ёстойг Тинабелийн зүгээс яруу тодоор нэрлэх гэж оролдлоо:
1: Яг одоо хий/Яваандаа багасга
Энэ нүдэнд яаралтай бөгөөд чухал ажлууд багтаж байгаа. Энэ бол таны анхаарлыг шууд шаардаж буй “асаатай түймэр”-нүүд билээ. Ихэвчлэн гэнэтийн асуудал, цаг нь тулсан ажлууд үүнд багтдаг.
2: Яаж ийгээд төлөвлөгөөндөө оруулж хий
Энэ нүдэнд таныг урт хугацааны зорилгод хүргэх ажлууд багтана. Тэд цаг нь тулаагүй, яаралтай биш учраас таны анхаарлыг нэн даруй шаарддаггүй. Гэвч энэ нүдэнд байгаа ажлуудыг л та хамгийн их анхаарч, заавал ойрын хугацааны төлөвлөгөөндөө багтааж оруулах учиртай.
3: Хэн нэгэнд даалга
Энд таны анхаарлыг өөртөө татаж, хийхийг шаарддаг хэрнээ яг бодоод үзвэл тийм ч өндөр ач холбогдолгүй ажлууд багтана. Тиймээс та энэ нүдэн дэх ажлуудыг өөр хүнд даалгаарай. Жишээ нь, хамтран ажиллагчын гуйлт, яаралтай гэсэн шошготой имейл г.м
4: Хийх хэрэггүй ээ, хая
Чухал ч биш, яаралтай ч биш, энэ нүдэнд орж байгаа ажлуудыг та хийгээд хэрэггүй. Твиттер, Фейсбүүктээ бичвэр нийтлэх, драманы шинэ анги болгоныг үзэх зэрэг нь энд багтаж болох юм.
Аль нүднээс эхлэх вэ?
Айзенховерын матрицыг ашигласнаар бид бага нөлөөтэй зүйлд их цаг, их нөлөөтэй зүйлд бага цаг зарцуулдгаа ажиглах боломжтой. Ихэвчлэн 1-р нүдний ажлууд амсраасаа хальж, бялхтлаа дүүрэн бичигддэг. Учир нь бидний ихэнх ажил л яаралтай, бас чухал болчихсон байдаг шүү дээ.
1-р нүдэнд юу, юу бичсэнээ ажиглаад үзээрэй. Зарим нь үнэхээр л гэнэт үүссэн асуудлууд байгаа байх. Харин зарим нь таны урьд нь 2-р нүдний ажлаа муу хийснээс болж одоо 1-р нүдэнд орж ирсэн ажлууд бий. Зарим нь өдөр тутам л давтагдаж байдаг, залхмаар асуудлууд байгаа.
1-р нүдний ажлуудыг та аль болох хурдан хийж дуусгаад, цаашид энэ нүдэн дэх ажлуудыг яаж багасгаж болох тухай бодоорой. 2-р нүдэнд байгаа аль ажлыг хийвэл таны 1-р нүдний ажлууд багасах вэ? Яваандаа энэ нүдийг дүүрэн байлгахгүйн тулд, дандаа л салхинд хөөгдөж байгаа мэт яарч сандарч амьдрахгүйн тулд яах ёстой вэ? Энэ асуултыг та өөрөөсөө асуугаарай.
1-р нүдэнд бичигдсэн ажлуудынхаа ихэнхийг 7 хоногийн дотор шийдэх гэж хичээ. Тэгээд 2-р нүдэн дэх ажлууд руугаа ханцуй шамлан ор. 2-р нүдний ажлуудыг бүгдийг нь хийж болохуйц үйлдлүүд болгож задлаад ирэх нэг сарын төлөвлөгөөний хуудастаа тараан байрлуулаарай.
Дараа нь 3-р нүдэнд бичигдсэн ажлуудыг хэрхэн өөрөөсөө чөлөөлөх аргыг бодоорой. Нэгэнт өөр хүнд даалгаж байгаа бол одоо таны биш тэр хүний асуудал болсон гэж үзээд, өөрийгөө чөлөөл. Мөн 4-р нүдний, гайхмаар их цаг авдаг ажлуудыг зүгээр л хаячих.
Цаашид яах вэ?
Цаашид, таны өмнө тулгарч буй ажлуудыг дээрх матрицийн аль нүдэнд хамаарахыг тогтмол анзаарч, ажиглаж байгаарай. 1-р нүдний ажил хэзээ ч барагддаггүй, түүнийг багасгах чухал ажлыг хийхгүй л бол таны бүх цаг хугацаа, залуу насыг авч оддог ажлууд байдаг юм шүү. 2-р нүдний ажилд өөрийн гэр бүл, эрүүл мэнд, хүүхдэд зарцуулах цагийг оруулж тооцоорой. Хамгийн чухал нь хүсэл мөрөөдөлдөө, хөгжил дэвшилдээ зориулах ажлуудыг оруулаарай.
Маргаашийн хичээл: Гүн Үйл
Зүрх дарж хичээлээ уншсан гэдгээ мэдэгдээрэй. Share хийж хүмүүст хүргээрэй.