Өнөөдрийн хичээл маань:
1. Дадал бүтээхэд саад болдог 2 шалтгаан
2. Дадал бүтээх 4 зарчим гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
Ажил хийж эхэлсэн хүн болгон л ямар нэг байдлаар төлөвлөх оролдлого чийсэн байдаг. Зарим нь тэрхүү оролдлогоо үргэлжлүүлсээр, өөрийн гэсэн дадал болгож хадгалсан байдаг бол зарим нь оролдож эхлээд дундаас нь орхисон байдаг. Төлөвлөгөөний талаар номнууд ч уншиж судалсан байдаг, олон дэвтэр авч үзсэн, хэд хэдэн апп ч гэсэн татаж үзсэн, ер нь янз бүрээр оролдож үзсэн хэрнээ одоо ч гэсэн төлөвлөх дадалтай болж чадаагүй хүмүүс олон байдаг. Тэр хүмүүс маань яадаг вэ гэхээр үе үе ажлууд нь гэнэт ихсээд ирэхээр өмнө нь дутуу хэрэглэсэн дэвтрүүдээ гаргаж ирж хэсэг хэрэглээд эргээд замхрах нь түгээмэл. Уг нь бол төлөвлөх чухал гэдгийг мэддэг, бас төлөвлөх аргуудыг мэддэг, төлөвлөдөг хүмүүс амжилт гаргаж чаддаг гэдгийг мэддэг ч гэсэн ийм байдаг гэхээр дадал бүтээхэд зөвхөн арга барилуудыг мэдэх нь магадгүй хангалтгүй болж таарч байна.
Дадлыг бий болгох тулд үүнээс өөр юу хэрэгтэй вэ? Эхэндээ идэвхтэй төлөвлөж байгаад дундуур нь замхарчихдаг хэлхээг яаж таслах вэ? Гэдэг асуултанд бүгдээрээ хариулт өгөх гэж оролдъё.
Миний ажиглаж анзаарснаар манай нийт худалдан авагчдын барагцаалбал 20 хувь орчим нь авсан дэвтрээ дуусгадаггүй. Өөрөөр хэлбэл төлөвлөх дадлыг бий болгож хараахан чаддагүй гэсэн үг. Гэхдээ үүгээрээ би гэмшүүлэх гэж байгаа юм биш шүү, яагаад гэвэл төлөвлөх дадлыг бий болгох нь тийм алга урвуулахын хооронд болдог зүйл биш гэдгийг би өөрөө мэднэ. Гэхдээ хүнд хэцүү зүйл мөн үү гэвэл бүр биш. Харин хүмүүс маань буруу цэгээсээ эхлээд байгаа юм шиг санагддаг.
-Төлөвлөх дадал нь яг л арьсаа арчлах, усаа уух, дасгалаа хийх, эрүүл хооллох зэрэг бусад дадалтай адил зарчмаар бидний амьдралын хэв маягт суудаг. Аа тэгээд бусад дадал бүтэлгүйтдэгтэй адилхан зарчмаар бүтэлгүйтдэг. Бид бүгд эрүүл хоол гэж юу байдгийг мэддэг ч цөөн нь л эрүүл хооллодог. Хогоо ангилах нь чухал гэдгийг хүн болгон мэддэг ч цөөн хүмүүс л үүнийг хэрэгжүүлдэг. Үүний адилаар, аливаа дадлыг бий болгоход зөвхөн мэдэх нь хангалттай байдаггүй байх нь.
Эхлээд төлөвлөх дадал яагаад бүтэлгүйтдэг талаар өөрийнхөө бодлоор ярья гэж бодож байна. Голлон анзаарагдсан 2 шалтгаан байдаг:
Нэгдүгээрт шалтгаан нь: Шууд төгс төлөвлөгч болох гэж оролдох
Шинэ дадлыг сонгож байгаа хүний гаргадаг нийтлэг алдаа нь эхлээд маш их сэтгэл хөдлөлтэйгөөр, цоо шинээр төрж байгаа юм шиг л төгс хэрэгжүүлэх гэж хичээдэг. Турах гэж байгаа хүн бол гурил будаагаа огцом хасаж эхэлдэг, гэнэтхэн өдөр бүр 2 км гүйдэг ч юм уу. Үүн шиг төлөвлөж сурах гэж байгаа хүн гэнэтхэн л бүх ажлаа нэгд нэггүй хуваарьт оруулаад яс төлөвлөх гэж оролддог.
Харамсалтай нь, тэрхүү эхний мотивац хүчтэй эхэлсэн шигээ хүчтэй унах магадлал ихтэй байдаг. Хэсэг хугацааны дараа төлөвлөсөн ажлууд нь төлөвлөсний дагуу болохгүй үед шантрах мэдрэмж төрж, шантрах мэдрэмжтэйгээ хэсэг тулалдаад дийлдэх нь элбэг. Анхнаасаа төгс хийх гэж оролдохын хамгийн хорлонтой нь ахин эргэж харахгүйгээр шантрах магадлалтай байдаг.
Гэтэл бид нар цоо шинээр төрөөгүй учраас өмнө байсан хуучин дадлууд маань, өөрөөр хэлбэл төлөвлөхгүйгээр аясаараа ажиллаад сурчихсан бие махбодь, тархи яг хэвээрээ л байгаа.
Хоёрдугаар шалтгаан бол: Үр дүн хүлээх
Бид ихэвчлэн аливааг хийхдээ үр дүн дээр нь төвлөрч сурсан байдаг шүү дээ. Төлөвлөөд эхлэхээр маш гоё цаг завтай болж, амьдралынхаа эзэн мэт санагдана гэсэн үр дүн хүлээдэг. Мэдээж удаан хугацааны дараа, нэг л мэдэхэд тийм үр дүн гарах ч гэсэн дадал зуршлыг ямар нэг зорилгын төлөө хандлагаас эхлүүлэх нь өөрөө учир дутагдалтай. Учир нь дадал болгон хэв маяг, тогтмол хэвшил болохоос хүрэх цэг биш юм.
Үрчлээ арилгах гэж арьсаа арчилдаг болох, турах гэж эрүүл хооллох, машин авах гэж хуримтлал үүсгэх, карьерээ өсгөх гэж төлөвлөх гээд бүгд зөв зүйтэй боловч эхний үед л үр дүнтэй боловч удаан хугацаанд хэрэгжүүлэх үндэс болдоггүй. Учир нь дадлын мөн чанар нь өөрөө зорилго биш хэвшил байдаг. Шүдээ угаахдаа бид 60 насалсан ч танан цагаан шүдтэй байна гэж бодож угаадаггүй. Харин угаагаад дадчихсан болохоор л угаадаг. Түүн шиг төлөвлөөд сурчихсан, энэ нь амьдралын нэг хэсэг болохоор л төлөвлөдөг байх нь чухал юм.
Одоо дадал бий болгох системийн талаар ярья. Дадлыг бий болгоход хамгийн зөв системийг Атомик Хабит буюу монгол хэл дээр Энгийн дадал хэмээн орчуулагдсан номон дээр бичсэн байдаг.
1. Make it obvious Илэрхий болго
2. Make it attractive Сэтгэл татам болго
3. Make it easy Амархан болго
4. Make it satisfying Сэтгэл ханамжтай болго
Энэ 4 зарчмын талаар нэг нэгээр нь илүү дэлгэрэнгүй авч үзэцгээе.
1. Make it obvious Илэрхий болго
Та дэлхийн хамгийн гоё төлөвлөгөөг гаргасан байлаа ч тэр нь шүүгээнд чинь байвал хэнд ч хэрэггүй. Төлөвлөх дадлын хамгийн наад захын алхам бол дэвтрээ дэлгээтэйгээр нь ширээн дээрээ байлга. Нүднээ ил, гарын дор зүйлийг бид шүүрч авдаг. Тиймээс ч ус уумаар байвал устай саваа өрөөний голд тавь. Йог хиймээр байвал йогийн дэвсгэрээ хураалгүй ил байлга. Ном уншмаар байвал хаа сайгүй ном тавь.
2. Make it attractive Сэтгэл татам болго
Бид аливаа дадлыг бүтээхдээ өөртөө шийтгэл оногдуулж байгаа юм шиг хийх гэж оролдох нь түгээмэл. Хиймээр байгаа болохоор биш харин хийх ёстой болохоор гэсэн сэтгэлзүйгээр хийдэг. Гэтэл бид байгалиасаа шийтгэлд дуртай амьтад биш шүү дээ. Таны төлөвлөх үйл явц тун таатай, урамтай, үзэмжтэй, амттай байх ёстой. Өөрөөр хэлбэл таны мэдрэхүйг шагнаж байх ёстой. Тиймээс магадгүй маш гоё төлөвлөгөөний дэвтэр, гоё үзэг, стикер зэрэг зөв хөрөнгө оруулалт юм. Бас төлөвлөх үедээ гоё хөгжим тавих, лаа асаах, дуртай кофегоо уух зэргээр төлөвлөх үйл явцаа сэтгэл татам болгоорой. Ямар нэг хийх дуртай зүйлтэйгээ хийх ёстой зүйлээ хамтатгаж, хослуулах нь шинэ дадхлд нэн тустай.
3. Make it easy Амархан болго
Дадал бүтээнэ гэдэг маш их зориг, тэвчээр, сэтгэлийн тэнхээ, чадвар шаардана гэж боддог. Ингэж бодох нь дадал бүтэлгзйтэх, буруу цэгээс эхлэх бас нэг шалтгаан юм. Яг энэ шалтгаанаас болж хүмүүс гэнэт мундаг төлөвлөгч болох гэж хэсэг оролдоод бууж өгдөг. Амархан болгох хуулийн хувьд: Бүр татгалзаж чадахааргүй тийм хялбархан болго гэж зөвлөдөг. Өдөрт 50 суниана гэдэг дадлаар эхлээд түүнийг удаан хугацаанд хадгалж чадах нь юу л бол, харин 5 суниана гэвэл хадгалахаар барахгүй тоогоо ихэсгэсээр 50 болгох боломжтой. Өдөрт 20 ажил бичээд дарах гэж, 20 20 минутаар нь ажлаа хуваарилж өөрийгөө шахах гэж стрессдэх хэрэггүй. Өдөрт 3-хан ажил жагсаагаад дараад үз. Дараа нь тоог нь нэг нэгээр ихэсгээд бүтцийг нь сайжруулаад яваарай. Хичээл зүтгэл хамгийн бага гаргах аргаас эхэлж, тууштай хий.
4. Make it satisfying Сэтгэл ханамжтай болго
Хүн зөвхөн сэтгэл ханамжтай дадлыг л тууштай үргэлжлүүлдэг. Төлөвлөх дадлыг яаж сэтгэл ханамжтай болгох вэ? Бүх ажлаа төлөвлөсөн ёсоор хийсний дараа өөрийгөө драманы нэг ангийг үзэх эрхээр шагна. Амжилттай төлөвлөсөн 7 хоногийн төгсгөлд амралтын өдрийн сул, чөлөөтэй цагуудаар өөрийгөө шагна. Шагналаас гадна дадал мөрдөгч дээр бичиж дарах нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Төдөвлөр дадлыг habit track хийгээд үзээрэй
Энэ жил таны өөртөө зориулж хийх зүйл “төлөвлөх дадлыг суулгах” байг. Төлөвлөж эхлээд юу юуг амжуулж чадахаа, нөөц бололцоогоо хараарай.
Маргаашийн хичээл: GTD системийн тухай
Зүрх дарж хичээлээ уншсанаа мэдэгдээрэй. Share хийж өөр хэрэгтэй хүнд хүргээрэй..